2011-01-19

Угсаатан хэмээх ойлголт, угсаатны зүйн ухааны судлах зүйл

Угсаатан гэдэг үг нь грекийн “ethnos” буюу “ард түмэн” хэмээх үгээс гаралтай. Түүхэн хугацаанд тодорхой нэг нутаг дэвсгэрт бүрэлдэн бий болсон, нэг гарал үүсэлтэй, нэгэн хэлээр ярьдаг, ахуй соёл, сэтгэлзүйн хувьд нийтлэг шинж бүхий, өөрсдийгөө тухайн угсаатны нэг гишүүн хэмээн ухамсарладаг хүмүүсийн нэгдлийг угсаатан гэдэг. Академич Ю.В.Бромлей “Соёл (хэлийг оролцуулаад) болон сэтгэл зүйн ерөнхий бөгөөд харьцангуй тогтвортой онцлог бүхий түүхийн хувьд тодорхой нутаг дэвсгэр дээр бүрэлдэн бий болсон, мөн түүнчлэн өөрсдийн нэгдэл болон бусдаас ялгарах ялгааг ухамсарладаг хүмүүсийн цогц юм. Угсаатан гэж түүхийн хувьд бүрэлдэн бий болсон нутаг дэвсгэр, хэл, соёлын нэгдмэл чанараар холбогдсон нийгмийн бүлэг хүмүүсийг хэлнэ. Гэхдээ эдгээр шинж тэмдгүүдээс аль нь ч дан ганцаараа угсаатны ялгааг илэрхийлж чадахгүй бөгөөд бүгд нэгдэж байж угсаатныг тодорхойлж чадах юм” гэж тодорхойлжээ.
Угсаатны бүлэг (ethnic group, этническая группа) гэж угсаатны, угсаатны сэтгэл зүйн, угсаатны соёлын, арьсны, хэлний, шашны шинжүүдээр бусад бүлгээс ялгарах цөөн тооны бүлэг хүмүүс. Угсаатны бүлэг гэдгийг янз бүрээр тайлбарладаг: 1) үүнийг ямар нэг угсаатны доторх, бусдаасаа ярианы хэлний онцлог (аялгуу), соёл, ахуй болон нэрээрээ ялгардаг бүс нутгийн чанартай хэсэг бүлэг гэж ойлгох нь бий. Жишээ нь: Монгол угсаатны доторх үзэмчин, буриад, дархад, дөрвөд, баяд, захчингууд. 2) Олон үндэстний улсад бол энэ ойлголт үндэстний цөөнх гэсэн утгаар ойлгогддог. 3) Бас энэхүү ойлголтыг “шилжилт нүүдлийн улмаас өөрийн угсаатнаас газар нутгийн хувьд тусгаарлагдсан ч урьд өмнийн угсаатны ухамсар, түүнчлэн хэл болон, соёл, ахуйн онцлогоо ямар нэг хэмжээгээр хадгалж үлдсэн ямар нэг угсаатны цөөн хэсэг юм” хэмээн тайлбарладаг.
Хэд хэдэн тохиолдолд угсаатны бүлэг гэдэг ойлголт нь төрөл, гарал нэгтэй юм уу эсвэл угсаатны ямар нэг шинж тэмдгээр ойр дөт угсаатны хэсэг гэсэн утгаар хэрэглэгддэг.
Угсаатны зүй (ethnography, этнография)-г нэг талаас аливаа угсаатны ахуй-соёлын онцлог, тэдний гарвалзүйн асуудлууд, тархан суурьшилт болон угсаатан хоорондын түүхэн харилцаа холбоог судалдаг шинжлэх ухаан хэмээн тодорхойлогддог. Угсаатны зүй нь аливаа угсаатан, угсаатны бүлгүүдийн антропологийн дүр төрх, гарвалзүй, тархан суурьшилт, түүх, хэл, ахуй, соёл, нийгмийн байгуулал, гэр бүлийн харилцаатай холбоотой бүх мэдээллийг түүнд ямар нэг онолын тайлбар гаргалгаа хийхийг чухалчлалгүй байгаа байдлаар нь системтэйгээр тоочин гаргахыг зорьдог. Иймд угсаатны зүй илүү дүрслэлийн шинжтэй салбар гэж болно.
Эндээс ахуй гэдэг нь нийгмийн ба хувийн амьдралын дадал болсон уламжлалт тогтвортой хэлбэр юм. Ард түмэн бүрийн аж байдал өөр өөрийн онцлогтой бөгөөд хөрш ард түмний аж байдлын хэлбэрээс ялгарахгүй байх нь цөөнгүй.
Соёл гэдэг нь хүний хөдөлмөр бүтээл, оюун ухааны үйл ажиллагааны үр дүнд бүрэлдэн бий болсон оюуны болон эд материалын үнэт зүйл, тэр бүгдийн цогц юм. Эндээс эдийн (эдлиг, материаллаг) соёл гэдэгт хүний хөдөлмөр бүтээлээр бүтсэн бүх зүйлс хөдөлмөрийн багаж зэмсэг, хувцас хунар, чимэг гоёл, хоол унд,орон сууц, барилга байгууламж, унаа хөсөг, зэр зэвсэг энэ бүгд багтана. Оюуны соёл (утга соёл) гэдэгт хүмүүсийн оюун ухааны үйл ажиллагааны үр дүнд буй болсон бүхэн, шашин шүтлэг, урлагийн бүтээл, уран зохиол, дуу хөгжим, шинжлэх ухаан, гүн ухаан энэ бүгд багтана.
Соёлын хөгжлийн төвшин угсаатан бүрт харилцан адилгүй. Зарим ард түмний түүхэн хүнд нөхцлөөс шалтгаалж, хөгжлийн төвшин доогуур байхад заримд тааламжтай нөхцөл бүрдсэний улмаас хурдан явагддаг. Угсаатны зүй нь шинжлэх ухаан нь ард түмний ахуй соёлын ялгааг сонирхоод зогсохгүй, янз бүрийн ахуй соёлд давтагдах янз төсөөтэй талыг судалж, ерөнхий зүй тогтлыг гаргадаг.

2 comments:

  1. Сайн байнуу? Нийтлэл нь их таалагдлаа Эрка багшын бүтэн нэрийг хэлж өгч туслаач

    ReplyDelete