2011-01-19

Хүний өвөг дээдэс


Хүн ба хүний дээд өвөг: Байгалийн зохицол хувьсалд нөлөөлсөн нь. Анатомийн адаптаци ба бехойврын адаптаци. Хүний өвөг. Анхны хүн дүрстэн, хоминид, homo habilis, homo erectus. Орчин үеийн хүн
Генетик, биохими, анатомийн судалгаагаар шампанзе, горилла нь орангутанг болон бусад бичин дүрстнээс илүүтэйгээр хүний ойр төрөл болох нь батлагджээ. Генетикийн төвшингийн хувьд хүн болон шампанзе 98% ижил бөгөөд 5.5-8 сая жилийн өмнө хүний хувьслын шугам бусад мичин дүрстнээс салбарласан бололтой. Чулуужсан малтмалуудад хийсэн судалгаагаар наад зах нь 4.4 сая жилийн өмнө энэ салбарлалт явагдсан нь тогтоогджээ. Тухайн үед уур амьсгалын өөрчлөлт гарснаар модноос газарт бууж, модны мөчрөөс мөчирт дамжин дүүлэхэд гол үүрэгигүйцэтгэж байсан урд хоёр хөл нь хүнс тэжээлээ олж идэхэд нь үүрэг гүйцэтгэх болж улмаар бие нь босоо байдалтай болжээ. Хоёр хөлөөрөө явах болсноор гар нь сул чөлөөтэй болж, хүнс тэжээлээ 2 гараараа барихын хамтаар, аюулгүй газарт хадгалах, араатан амьтны аюул занал тулгарвал өөдөөс нь эд зүйл шидэх болсон байна.
Хүн дүрстнийг хоминид (hominid) гэх бөгөөд 2001 он хүртэлх хугацаанд 6 сая жилээс өмнөх үед хамаарах хоминид олдоогүй байсаар иржээ. Харин 2001 онд Умард Чадаас 7-6.5 сая жилийн өмнөх үед хамаарах олдвор олдсон байна. Үүний шинжлэх ухааны нэр нь Sahelanthropus Tchadenisis (Сахелантропус Чаденисис) бөгөөд энэ нь мич шиг гавлын яс жижигтэй боловч шүд соёо жижиг, нүүр нь хүнийхтэй адил байсан байна. Одоогийн байдлаар энэ нь хүн төрхтний хамгийн эртний өвөг гэж тооцогдож байна.
Зүүн Африкийн Этиофийн нутгаас 6-4.4 сая жилийн өмнөх үед хамаарах хүн дүрстний олдвор олджээ. Энэ олдворын 4.4 сая жилийн өмнөх үед хамаарахыг нь Ардипитек (Ardipithecus) гэх бөгөөд энэ  нь орчин үеийн шимпанзе шиг хэв маягтай ч шимпанзегаас жижиг, гэхдээ шимпанзегаас ялгаатай нь босоо явдалтай.
Ардипитекийн дараагийн үе нь Австралопитек (Australopithecus). Хамгийн эртний австралипитек 4.2 сая жилийн өмнөх үед, хамгийн саяхных нь 1 сая жилийн өмнөх үед хамаарна. Австралопитекийн  олдвор Зүүн Африкийн Этиофиос, Өмнөд Африк хүртэл, баруун зүгт Чад хүртэлх нутгаас олддог. Эртний хүн дүрстнүүд нь одоогийн хүмүүс шиг том байгаагүй боловч, булчингийн хэлбэр хэмжээгээр хүмүүстэй төстэй, түүнчлэн мичтэй харьцуулахад шүдний бүтэц хэмжээгээрээ хүнтэй илүү адилхан, мөн арааны байдал, шүд соёоны хооронд зай завсаргүй байгаа зэрэг нь хүний өвөг дээдэс болохыг нотолдог байна. Австралопитекийн олдвор нь хүн 4 сая жилийн өмнө босоо явдалтай байжээ гэдгийг нотолдог бөгөөд Саваннад байгаль орчин өөрчлөгдөж хоол хүнс тэжээл ховордоход босоо явагч австралопитекууд дөрвөн хөллөж явах үеийнх шигээ хэдийгээр түргэн гүйхгүй ч илүү идэвхтэй аргаар хоол хүнсээ эрж олох болж, алс хол замыг туулах чадвар нь урьд өмнөхөөсөө илүү нэмэгдсэн. Мөн түүнчлэн босоо явдалтай болсноор халуун наранд халах нь багассан. Өөрөөр хэлбэл халуун наранд халах талбай нь багассан.
Гэвч хүн дүрстнүүд модонд авирдгаа бүрмөсөн болиогүй байсан. Учир нь:
-          Мод нь газрын амьтдаас болон бусад гадны нөлөөнөөс өөрийгөө халхлах хамгаалах нэг гол нөмөр нөөлөг нь болж байв.
-          Хоол хүнсний зүйлээ модноос олж идсээр байв. Сонирхолтой нь эр нь газарт буун хүнс тэжээл олж, эм нь модноос хүнс тэжээл олох нь илүүтэй байв.
2.6-2.3 сая жилийн өмнө дэлхийн уур амьсгал илүү хүйтэн хуурай болсноор хүн дүрстний хувьсал хөгжлийн дараагийн үе шатанд шилжсэн. Зүүн болон Өмнөд Африкийн олон газраас 2.5-1.5 сая жилийн өмнөх үед хамаарах олон тооны олдвор олддог бөгөөд эдгээр нь хэдийгээр өмнөх үеийн австралопитекүүдээс ялгаагүй мэт боловч шүд жижигтэй, биетэйгээ харьцангуйгаар уураг тархи том ажээ. Эдгээрийг хомо хабилис (homo habilis) буюу уран чадварлаг хүн гэдэг. Хүн дүрстний махны хэрэгцээ шаардлага ихэссэн нь тэдний хувьсалд чухлаар нөлөөлжээ. Хүний уураг тархи нь хүн биш бичтэй харьцуулахад 2 дахин их мах зарцуулдаг. Махны хэрэгцээгээ хангахын тулд хүн төрхтнүүд амьтны үлдэгдэл сэгийг идэхийн хамт махчин амьтдын хоол хүнсийг хулгайлах болсон байна. Мөн тэдний шүд мах идэхэд тохиромж муутай байсан тул шовх үзүүртэй багажийг хэрэглэх болсон. Этиофийн нутгаас олдсон хамгийн анхны багаж 2.5 сая жилийн өмнөх үед хамаарна.
Homo erectus буюу босоо явдалт хүн 2 сая жилийн өмнөх үед хамаарна. Homo erectus-ийн бие нь орчин цагийн хүнтэй харьцангуй адил Homo habilis-ийг бодвол уураг тархины хэмжээ том, орчин үеийн хүмүүсийн шүд шиг шүдтэй. Түүнчлэн Африк дахь Олдувайн чулуун таслагч нь илүү нарийн боловсронгуй гар сүх болон хувьсчээ. 1.5 сая жилээс  150000 жилийн өмнөх үеийн туршид үргэлжилсэн энэхүү соёлыг Ачеулын уламжлал (Acheulian Tradition) хэмээн нэрлэдэг. Энэ үед хамаарах багажууд, ялангуяа сүхнүүд Африк төдийгүй Европын хэсгүүдээс олддог. Цаашдаа, хүнд нүсэр байсан багаж нь илүү жижиг нимгэн хурц иртэй болсон байна. Хэрвээ та бүхэн Монголын Үндэсний түүхийн музей үзсэн бол тэндээс хүний багаж зэвсэг энгийн бүдүүнээс илүү жижиг, нарийн боловсронгуй болж ирснийг харсан биз ээ.
1.8 сая жилийн өмнөөс Homo erectus  алс умард зүгт буюу Дманис, Оросын нутаг руу нүүсний ул мөр байдаг ба энэ нь хүн түүхийнхээ асар эрт үед галыг хэрэглэж байсныг гэрчилнэ. Тайландын нутаг дах нэгэн хадны өврөөс 700 мянган жилийн өмнөх үед хамаарах гал голомтын зүйл олдсон. Ер нь хүн +10 хэмийн дулаанаас доош дулаантай үед галгүйгээр хэвийн амьдрах боломж нь алдагдаж эхэлдэг. Энэ үед одоогийн Хятадын нутаг, Европын ихэнх хэсэгт агаарын хэм +10 хэмээс буух нь олонтоо байж, галгүйгээр дулааныг давах боломжгүй байв. Homo erectus галыг хэрэглэж сурснаар хүний хувьсалд асар их өөрчлөлт дэвшил гарчээ. Тэд хоол хүнсээ болгож идэх төдийгүй, махчин араатан амьтны аюулаас өөрийгөө хамгаалах , харанхуй үед галын гэрэлд зарим зүйлийг хийх болсон ба хэлний хамгийн энгийн хэлбэр тэр үед бий болсон. Хэлний хамгийн анхны хэлбэр нь дохио зангаа байв. Гэвч хүн ярьдаг болтлоо урт удаан хугацааг туулсан.
Homo sapiens. Европ ба Америкийн олон газраас МЭӨ 400-200 мянган жилийн өмнөх үед хамаарах олдвор олддог бөгөөд Homo sapiens-ийн олдворын ихэнх нь Африкаас олддогоос гадна Франц, Англи, Германы нутгаас мөн олддог. Францийн нутгаас олддогийг нь Homo erectus, Англи, Германаас олддогийг нь Homo sapiens гэж нэрлэсэн ч үнэн хэрэгтээ эдгээр нь тэдний аль алины нь шинжийг хадгалсан завсрын шилжилтийн шинжтэй ажээ. Этиофи, Англи, Германаас олдсон олдворын уураг тархины багтаамж нь Homo erectus-аас илүү их эзэлхүүнтэй ч, толгойн гадаад байдал нь орчин үеийн хүний тархи толгойноос өөр ажээ:  том шүдтэй, хөмсөг урагш маш их төвгөр, эрүү урт.
МЭӨ 200 мянган жилийн өмнөх үед холбогдох олдвор ихээр олддог ч шинэ Homo sapiens болон эртний Homo sapiens-ийн хооронд анатомийн ялгаа гарч эхэлсэн ба 30000 орчим жилийн өмнө гарч ирсэн шинэ Homo sapiens өмнөх үеийнхийгээ шахаж, оронд нь байрыг нь эзэлсэн. Саяхан Ява арлын Соло голын ойролцоогоос  МЭӨ 53-27 мянган жилийн өмнөх үед хамаарах 12 ширхэг нүүргүй гавлын яс олдсон нь Homo erectus-ийн хэв шинжтэй ч Homo sapiens-ийн төрөлд хамааруулж үзэх нь зүйтэй болов уу гэж судлаачид үзсэн.
130 000-30 000 жилийн өмнөх үед хамаарах Neanderthal (неандерталь) хүмүүс нь эртний Homo sapiens-аас салбарлан гарсан Homo sapiens-ийн эртний төлөөлөгчид бөгөөд түүний олдвор Европоос Дундад Ази хүртэлх газар нутагт ихээр олддог. Түүнчлэн Homo sapiens-ийн эрт болон хожуу үеийн шинжийг хадгалсан олдвор бусад олон газраас олддог. Неандерталиуд галыг өргөн хэмжээгээр ашиглаж байсан бөгөөд энэ нь умардын хүйтэн сэрүүн бүсийн нутагт амьдрахад гол үүрэгэй байв. Тэд цөөн тооны хэсэг бүлгээр болон гэр бүлээрээ агуйд болон ил задгай газарт амьдарч байсан ба тэдний дунд хэл ярианы анхны хэлбэрүүд ч байсан бололтой. Мөн оршуулгын зан үйлийг нилээд нарийн явуулдаг байсныг ч нотлох баримт олддог байна. Ан агнуурын арга нийгмийн байгууламжийг дагаад сайжирч, ялангуяа зэр зэвсэг багаж хийх технологи хөгжжээ. Хожуу үеийн неандерталь хүмүүсийн багаж зэвсэг хийх уламжлалыг Моустерийн Моустер (Mousterian Mouster) технологи гэдэг.  Моустерийн багаж зэвсэг он цагийн хувьд 100 000-40 000 жилийн өмнөх үед хамаарах ба Европ, Хойд Африк, Баруун Өмнөд Азиас моустерийн багажууд олддог. Эдгээр багажууд өмнөх үеийнхээс илүү нимгэн хөнгөн ба өмнө нь зөвхөн 2,3-хан нимгэн ялтсыг нийлүүлж хийдэг байсан бол энэ үед олон нимгэн ялтсыг чадварлагаар нийлүүлж, үзүүрлэж багаж хийх болсон байна. Мөн төрөл зүйлийн хувьд олширсоор иржээ: гар сүх, ялтас, хусуур, өрөм, хэрчлээс гаргасан ялтас (мод хусах) г.м. Энэхүү багажуудаа хоол хүнс, хувцас хунар, оромж хийхдээ идэвхтэйгээр хэрэглэж байв.
Орчин үеийн Homo sapiens-ийн хувьсал хөгжилд эртний бүх төрөл зйүлүүд чухал үүрэг гүйцэтгэжээ. 40 000-30 000 жилийн өмнөх үе хүртэл неандерталиуд орчин үеийн анатоми бүхий хүмүүстэй зэрэгцэн оршиж байв.
Дэлхийн янз бүрийн хэсэгт амьдардаг орчин үеийн хүмүүс болон  Homo sapiens-ийн молекулын өгөгдлийг харьцуулан судалснаар орчин үеийн хүмүүс нь Африкт амьдарч байсан зөвхөн нэг популяциас үүссэн бөгөөд энэхүү орчин үеийн хүмүүс нь Neanderthal хүмүүсийн байрыг эзэлсэн болохыг тогтоожээ. Ийнхүү неандерталь хүмүүсийн удам тасарсан, эртний Homo sapiens-ийн ч зарим нь устсан гэж судлаачид үздэг. Гэвч энэ үзэл нотолгоо одоо хир нь маргаантай хэвээр байсаар байна. Учир нь эрт үеийн популяци, орчин үеийн популяци хоёрын хоорондох үргэлжлэлийн үлдэгдэл Африкт төдийгүй, Хятад, Зүүн Өмнөд Ази, Дундад Ази, бүр Баруун Европт ч байхгүй байна. Хоёрт, Ази руу нэвтэрч орсон, өөр технологи эзэмшдэг хүмүүсийн талаарх археологийн нотлох баримт дутагдалтай байна.
2003 онд Этиофиос орчин үеийн хүнд “ойр дөхүү хүний” гавлын яснууд (Homo sapiens Idaltu) олдсон бөгөөд үүний нэг нь хүүхдийн гавлын яс байсан. 160 000 жилийн өмнөх үед хамаарах энэхүү Homo sapiens Idaltu нь ойр дөхүү хүн нь неандерталь хүнээс илүү өмнөх үеийнх болохын нэг чухал нотолгоо болж өгсөн.
Болгоомжтойгоор дүгнэн хэлэхэд, Homo sapiens-ийн дор хаяж нэг популяци орчин үеийн хүн болон хувьсан хөгжжээ гэж үзэж болохоор байна. 

1 comment:

  1. Top 20 best slots machines - jtmhub.com
    Play your 서울특별 출장샵 favorite slots games. Play your 상주 출장샵 favorite table games 전주 출장마사지 and make a profit from 여수 출장안마 your time. 정읍 출장안마 Jackpots. The best casino games and bonuses.

    ReplyDelete